Цэцэрлэгийн үдийн хоолны мөнгийг 3000-4100 төгрөг болголоо
Чихэнд чимэгтэй
2024-05-29
Засгийн газрын 2019 оны 450 дугаар тогтоолоор 8-10 цагаар ажилладаг цэцэрлэгийн хүүхдийн нэг өдрийн хоолны зардлыг 2475 төгрөг, тусгай болон сувилал, 24 цагаар ажилладаг цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардлыг 3600 төгрөгөөр тогтоон мөрдөж ирсэн билээ. Тэгвэл өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар энэ мөнгийг 3000-4100 төгрөг болгон нэмэгдүүлж баталлаа. Цаашид хоолны зардлыг шим тэжээл, инфляцын түвшинтэй уялдуулж нэмэгдүүлэх, эцэг эх, асран хамгаалагчаас хоолны зардлын тодорхой хэсгийг хариуцдаг болох, улсын төсвөөс санхүүжүүлэхэд шаардагдах хоолны зардлыг жил бүрийн төсөвт тусгахыг Боловсролын сайд Л.Энх-Амгалан, Сангийн сайд Б.Жавхлан нарт даалгав. Боловсролын ерөнхий хуульд цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардлын тодорхой хэсгийг эцэг эх, асран хамгаалагч хариуцах талаар зохицуулсан бөгөөд яамнаас энэ чиглэлээр судалгаа хийхэд эцэг, эхчүүдийн 60 гаруй хувь нь хоолны зардлыг хуваалцахыг дэмжсэн байна. 2023-2024 оны хичээлийн жилд 280 мянга орчим хүүхэд цэцэрлэгт хамрагдаж байгаа бол 2008 оноос уг хоолны зардлыг улсын төсвөөс бүрэн санхүүжүүлж ирсэн юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.